Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эцэг мал тавих хүндэтгэлийн ёслол
“Эцэг малыг сүргийн манлай” гэдэг нь сайн нь сайны, муу нь муугийн манлай гэсэн хоёрчилсан утгатай. “Эцэг мал сүргийн талч” гэдэг нь аливаа ажлыг зөв эхлэвэл гүйцэтгэлийн тэн хагастай тэнцдэгтэй утга нэг буюу эцэг мал эх малаас заавал илүү гэсэн утга илэрхийлж байна. “Сайн хүний үр, сүүт гүүний унага” ч гэдэг. Бас сайн гүүтэй байж, сайн адуутай болдог зэрэг сургаалуудаас 1. Сайн хээлтэгчийг сайн хээлтүүлэгчээр хээлтүүлбэл сайн төл гарч, сайн чанар нь буурахгүй. 2. Сайн хээлтэгчийг түүнээс дутуу чанарын хээлтүүлэгчээр хээлтүүлбэл гарах төлийн  чанар буурах тал руугаа хэлбийнэ. 3. Муухан хээлтэгчийг сайн хээлтүүлэгчээр хээлтүүлбэл гарах төлийн чанар нь заавал дээшлэнэ. 4. Муухан  хээлтэгчийг  муухан хээлтүүлэгчээр хээлтүүлбэл гарах төлийн чанар улам  буурна гэсэн дөрвөн боломж байна. 1-р нөхцөл хангагдвал сайн шинж давамгайлсан төл гарах нь үнэн боловч сайнуудыг сэлгэн үржүүлээд байхад сайн шинж хэмжээгүй ихсээд байдаггүй, эцсийн бүтээгдэхүүн болж үр төлгүй болно. 4-р шинжээр үүнтэй нэгэн адил нөгөө тийшээ муу шинжүүд давамгайлсаар өсч үржихээ болидог нь бодит үнэн өөрөөр хэлбэл сайн шинж нь хэтэрвэл төрөл арилжих учир хязгаартай, муу шинж нь хэдхэн үеийн дараа мөхдөг гэсэн үг. Эндээс сайн муу хоёр нийлж хүүдий дүүрдэг нь үнэн гэлтэй. Тэхдээ сайн нь давамгайлж хорвоо оршин тогтдог бололтой. Эдгээр шинж нь зохиогчийн тэгш өнцөгт гурвалжны онолтой таарч байгаа нь намайг улам омогшуулж байна. Зэрлэг ан амьтад байгалийн хуулиараа өөрийгөө мөнхлөж үр төлөө үлдээхийн тулд 4-р шинжийг үүсгэхгүйн төлөө ороо орох хугацаатай, тэр үедээ цугларч хүчээ үзэлцэн аль хүчтэй, амьдрах ур чадвартай нь дийлж хээлтүүлэгэнд орох эрхээ олж авдаг. Гэтэл өнөөгийн хүн төрлөхтөн байгалийн бүтээгдэхүүн боловч амьтадаас илүү өндөр ухамсараа буруу ашиглаж, 4-р шинжийг хөөргөн байгалийн шалгарлаас татгалзаж, хүн бол хүн мал биш хэмээн цэцэрхэж, малаар бол баахан “ортоомуудыг” төрүүлж, өөрсдийгөө газрын хөрснөөс арчиж байгаагаа үл анзааран хөгжиж байнаа, хөгжинө гээд ганцхан гэдсэнд орох хоолны төлөө тэмцээд бусад дөрвөн хоолоо(цэвэр агаар, цэвэр ус, цэвэр орчин(үнэр), цэвэр газар шороо) устгаад байгаагаа мэдэхгүй байна.  Монголчууд мал амьтаны өөрийгөө хамгаалдаг 4-р шинжийг устгаж тэжээмэл амьтад гэж нэрлэн, өөрийн хэрэгцээнд тохируулж өсгөж үржүүлэх бүх ажлыг эцэг малаар удирддаг, энэ монгол ухаанаа амьдралд хэрэгжүүлснээр “Эцэг мал сүргийн тал” гэдгийг олж тогтоосон нь малчин өрх айл бүхэн мөрдөж ирсэн, хойшид ч мөрдөх аман хууль, монголын бэлчээрийн малын оршин амьдахуйн үндэс болжээ. Энэ гүн ухааны тодорхойлолтыг математикийн хэлэнд хөрвүүлвэл хоёр үл мэдэгчтэй тэгшитгэлээр бодож олсон шийдэл, тэхдээ эцэг мал эх малаас хоёр дахин илүү гэсэн утга биш, эр эм хоёр нэг цогц учраас 100% гэвэл эр нь 60%, эм нь 40% гэсэн үг, физикийн хэлээр эцэг мал анхдагч, эх малыг удирдан жолооддог хэмээн тайлагдаж байна. Эндээс суурингийнхан нүүдэлчдийн энэ мэт бүтээлүүдийг ухааран суралцахаас биш тэдэнд сургах гэж байхгүй, үүнийг л монголчуудын далд мэдлэг, монгол мал маллахуйн ухаан эсвэл мал маллахуйн монгол ухаан гэж нэрлэв.   
Мал маллахуйн монгол ухааны нууцын нэг илэрэл, эцэг мал сонгон тавихад үйлддэг зан үйл билээ. Тухайлбал:
1. Азрага тавихад толгой, дал, хондлой руу нь сүү дусааж, аманд нь сүү амсуулаад ерөөдөг нь адууны толгой, дал, хондлой гурван тулгуур эрхтэнүүд эрдэнэ буюу эн тэнцүү байж адуу гэдэг амьтан оршдогыг ерөөхдөө:   
          Багссан дэлтэй, сагссан сүүлтэй
          Үр төл олонтой үржил угсаа сайтай
          Ижил сүрэгтээ ээлтэй, ирэх дайсанд халтай
          Хамаг сүрэгтээ хайртай, халдах дайсанд халтай
          Хурдан жороо олонтой, түмэн сүргийн манлай болоорой.
Азраганы гол үүрэг нь сүргээ аливаа эрсдэлээс бүрэн хамгаалах үндсэн үүрэгтэйг илэрхийлж ижил-хамаг сүрэгтэй ээлтэй-хайртай, ирэх-халдах дайсанд халтай-халтай гэж давтан хэлжээ. Эрсдэл гэдэгт аадар бороо, нүдгүй цасан ба шороон  шуурга, чоно нохой, их ус гол руу орох зэргийг ойлгоно. Энэ бүхнийг азрага удирдан гүйцэтгэнэ.
Багссан дэлтэй нь дайсантай тэмцэхэд сүр хүчийг үзүүлдэг төдийгүй далангаа тас хазуулхаас хамгаалдаг, сагссан сүүл нь засаагаа чоно нохой хазхаас хамгаалах төдийгүй хүйтэн цасан шуурганд умдагаа хөлдөхөөс хамгаалдаг учраас сүүлий нь тайрдаггүй малчин уламжлал социализмийн үед хялгасны төлөвлөгөө биелүүлхийн тулд азрагыг шанхалж дэллэх, сүүлий нь тайрах, даага шүдлэн нэг бүрийг толгой дараалан хайчилдаг байв. Сүү амсуулах нь сүүн тэжээлтэнг, үр төл олонтой, үржил угсаа сайтай байх нь эцэг мал бүрт тавигдах ерөнхий зарчим юм. 
2. Бух тавихад толгой дээр нь сүү дусаан аманд нь амсуулаад:
           Үнээ хусрахгүй, төл хорохгүй, шим сайжрах болтугай
           Эзэндээ ээлтэй бух болж, ижлээ мянга түм хүргэтүгэ
           Үнээ хусраахгүй, үржил сайтай
           Сүргээ хороохгүй, самбаа сайтай
           Урамдах чинь, уул хүртэл уярсан
           Хагшихад тань хад хүртэл уярсан
           Хамаг сүрэгтээ ээлтэй, халдах дайсанд арангатай.
           Хангай дэлхийд цуутай, хамаг амьтанд дуулиантай
           Сүү ихтэй, төл олонтой
           Сүргийн манлай БУХ болтугай.
Зөвхөн толгой дээр нь сүү дусаадаг нь амь нь толгойдоо гэсэн, гол үүрэг нь өөрийн хүний хамаагүй үнээ хусраахгүй, хөөмтгий байх нь чухал, арангатай гэдэг сүргээ биш өөрийгөө дайснаас хамгаалах чадвартай  байхыг ерөөжээ. Үхэр 12 жилийн өнгийг тодорхойлдог учраас зөнч амьтан гэдгийг тодорхойлж, урамдах чинь уул хүртэл уярсан, хагшихад чинь хад хүртэл уярсан хэмээн магтах нь ид шид нь дуундаа байдаг учраас урамдах гэж тусгай нэр өгчээ. Бух урамдалтаараа хэдэн уул дамжуулан уул усыг доргиулан ороо нь орсон үнээ дуудаж, ороогүйд нь ороо орох нөхцлийг бүрдүүлдэг төдийгүй хүч үзэлцэх хүчтэн байвал хүрээд ир, чээжний бяр амтагдаад, эвэр загтнаад байгаагаа урамдаж илэрхийлдэг байна. Сонссон бүх үхрийн сэтгэл  хөөрч, бухнууд нь хариу урамдан тэр орчиндоо хамгийн аврага бух хариу урамдан алсаас шороо самран муухай орилсоор морилон ирж мөргөлдөн хүчээ үзнэ.    
Хуц тавихад магнайд нь зөөхий эсвэл тарагаар мялаагаад эрүүн дор нь тавагтай цагаан идээ хүргээд асаасан арцанд гурвантаа эргүүлэн ариутгаад хамар дор нь арцаа барьж:
           Түмэн хонины түрүүнд, мянган хонины магнайд
           Эзэн хүндээ эрхтэй, ижил сүрэгтээ ээлтэй
           Дөрвөн туруугаа майга болтол, дөрвөн сайраа хэлтгий болтол
           Эзэн хүндээ ээлтэй, ижил сүрэгтээ түшигтэй яваарай.
Эсвэл
          Үр төл олонтой, үржил шим сайтай хуц болоорой.
          Сүрэг нь дэлгэр болог, сүмбэр уулын өвс ид, сүн далайн ус уу,
          Түмэн хонины түрүү  түнтгэр халзан хуц бол,
          Мянган хонины түрүү, мантгар халзан хуц бол” гэж ерөөнө.
Хуцны сүнс сүүдэр, ид шид нь магнайдаа байдаг учраас мөргөлдөхдөө зэрэг ухарч хар хурдаараа биеийн бүх жингээ толгойдоо шилжүүлж духаа язартал мөргөлдөж эр чадлаа гайхуулцдагийг бахархаж, хүндэтгэж эхийн чинь сүүгээр хийсэн өрөм буюу тарагаар магнайг чинь мялааж, дөрвөн туурайгаа майга болтол, дөрвөн сайраа хэлтий болтол түм түмээр төл хайрлаарай хэмээн бэлэгдэж эрүүнд нь тавагтай идээгээ барьдаг нь таны хишигээр хийсэн өрөм, таргиар хийсэн  идээний дээж хэмээн хүндэтгэдгийг таниулж, бод малтай адил биеэн дааж амьдрах чадваргүй, эзний эрхшээлд амьдардаг, далны яс, цөсний уутан дээрээ  эзний тухай мэдээлэлээ бичдэг ид шидтэй мал учраас түм бумаар өсгөхийн тулд идэх өвс, уух усы нь хүртэл эзэн чинь тохируулна хэмээн амлаж “эзэндээ эрхтэй” гэжээ. Арцаар ариулдаг нь хонь цав цагаан зүстэй өөгүй амьтан учраас бузартхаас сэргийлж ариутгаж байна. Хийг хонины шөлөөр дардгийг илэрхийлэх юун билээ.
Азрага сонгон тавихдаа хар, цагаан зүсийг цээрлэнэ. Орог саарал, алаг зүсмийн малаар эцэг мал тавихыг цээрлэдэг уламжлал мартагдаж байгаад сэтгэл эмзэглэх болов. Үс нь ясны ургамал гэж нэрлэдгээс орог саарал, алаг зүс нь хар ч биш, цагаан ч биш, тэр хоёрын хольц учраас ийм зүсмийн мал чанар муутай гэсэн утга илэрхийлж байна.  
Харин буур, ухна тавих ерөөлийн үгийг олж уншссангүй, эрдэмтэн мэргэд, малчдаас сурагласан боловч ухна тавихад зарим айл хуц тавих ерөөлтэй адилавтар үг хэлж байдаг гэснээс өөр сураг гаргаж чадсангүй учир малчин олонд үлдээе. Өөрийн бодлоо илэрхийлвэл юм бүхэнд сайн муу хоёр байдгийг монголчууд “сайн муу нийлж хүүдий дүүргэдэг” хэмээх сургаалаар ТХМ-аа сайн-халуун хошуут, муу-хүйтэн хошуут мал гэж нэрлэсэн тул халуун хошуут малаа илүүд үздгийн илэрэл хэмээн цэцлэе. Энэ эцэг мал тавихад үйлддэг зан үйл мал бүрд өөр байгаа нь мал бүрийн дотоод мөн чанарыг бодит ба хийсвэр хоёр талаас нь бүрэн ангилж тодорхойлсон байдаг нь нэн гайхалтай.
Эцэг мал дотроос ганцхан хуц л ямарч нөхцөлд бусдыгаа мөргөх, хажиглах гэж байдаггүй. 
Малын цус ойртож байгаа эсхийг мэдэх шалгарсан арга нь идсэн малынхаа чөмгийг ажиглаж бай, чөмөг нь борлоод ирвэл эцэг малаа соль. Цус ойртсон үед согогтой төл олшрох, давьжаарах, зүс нь  бүдгэрэх, солигдох зэрэг шинж илэрнэ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats