Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хэнз, тахлай төл

Бог малын нэг онцлог: нэг хотонд хэд хэдэн хуц, ухна зэрэг байж болдог, бог мал нэг л хээлтүүлгэнд гарсан бол бусад нь дахин дагах гэж байхгүй. Энэ шинж буханд байдаг. Гэтэл азрага гүүг хувьчилж авдаг учраас шинээр гүү хураалгавал  азарганд гарсан ч дахин гишгэж хээл нь томроогүй байвал унага хаяж сувайрна. Иймээс хээл нь урсхааргүй томорсон 9-р сарын сүүлч 10-р сарын эхээр азрага сольдог малчдын ухааныг магтая. Буур өвлийн тэсгэм хүйтэнд, богинохон хугацаанд ороод өнгөрдөг учраас хэнз ботго гэж бараг байдаггүй, гэтэл бусад эцэг мал жилийн туршид хээлтүүлэх боломжтой байдаг учраас хэнз хурга, ишиг, тугал, унага олонтоо байдаг. Жилд ганц удаа хавар төллүүлэхийн тулд байгаль ээж эм малын хээлээ тээх хугацааг, ороо орох цаг хугацаатай тохируулсан байдаг. Бог малын ороо 24-36 цаг үргэлжлэх бөгөөд энэ үедээ хээл аваагүй бол 16 хоногийн дараа ороо нь дахин давтагдана. Хонь, ямаа 5 сар хээлээ тээх учраас хавар урь орсон үед төллүүлхийн тулд 9-р сарын сүүл, 10-р сарын эхээр хээлтүүлгэнд оруулдаг. Гүү, үнээ унагалж, тугалснаас хойш 21 хоногийн дараа эхний ороо орох бөгөөд энэ хугацаанд хээл аваагүй бол сарын дараа дахин ороо нь ордог учраас орой гарсан төлийг хэнз,  эрт гарсан төлийг тахлай  гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл зуны сүүлч, намар гарсан төлийг хэнз, өвөл, цагаан сарын дараахан гарсан төлийг тахлай гэдэг. Хэнз, тахлай төл гаргахгүйн тулд малчин эзэн өөрөө уг малыг хээлтүүлгэнд оруулах хугацааг сувайруулж байж л тохируулна. Заавал нэг жилийн төл алдаж байж  тохируулна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats