Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бог бод мал хэмээн нэрлэдгийн учир
Таван хушуу малаа хөлийн урт богиноор нь бог, бодоор ангилдаг нь маллах арга технологоос урган гарсан байна. Бодыг ухаанаар, богыг дагаж малладаг нь таван төрлийн малыг нэгэн зэрэг өдөр шөнө гүй маллаж өсгөнө гэдэг суурин соёл иргэншилтэй хүний ой ухаанд үл багтана. Гэтэл малчид нэг нь нөгөөгөөс эрс тэс ялгагдах  шинжийг мэдрээд халуун хошуут хонийг хүйтэн хошуут ямаатай хослуулж малладаг. Орой (харуй бүрий ) болохоор үхэр, ямаа гэрлүүгээ эргэдэг бол хонь цаашаа явна.
Халуун хошуут хонийг, хүйтэн хошуут ямаатай ихэрлүүлж маллахын практик ач холбогдол:
а) Хавар цэцэг навч, яргуй зэрэг хурц, шинэ ногоо идмэгц хониноос өмнө таргалж, мах нь их амт орж халуун чанартай болох учир яргуй идсэн ямааны цус  ууж, ядаргаагаа тайлана гэх өвчин орчин үеийн чээж баячууд онгирох боловч практикт төдийлөн хэрэглэхгүй. Ямааны мах шүүс багатай, царцамтгай, хатуу, шөл гардаггүй, ялангуяа ухна, сэрхний мах бүр даагддаггүй учир дулааны улиралд ганц нэгийг иднэ. Настангуудад аль ч улиралд сэрүүдэх учир хүнсэнд бараг хэрэглэхгүй. Ямаа халуун болоод, ялаа шумуул гараад ирэхээр хүйтэн чанарын мал учраас таргалахаа болино. Намрын өнгө ороод өвс шарлаад ирэхээр таргална. Хонь халуун хошуут амьтан тул халуун чанарын хурц ургамалд ховдоглохгүй, аажим тасаралтгүй таргална.
б) Хонийг 6 сарын дундаас саагаад дундачаар нэг л сар саана. Гэтэл ямааг 9 сарын сүүл хүртэл саана. Хонины сүү өтгөн, ямааных шингэн учраас хольж хэрэглэх нь тохиромжтой. Ямааны сүүг эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэнэ.
в) Дан хонины тарагыг  суурингийн хүн хэтрүүлж уувал аминд ч хүрч болдог нь түүний түргэн үйлчилгээтэйг нотлох тул цааш нарийн судлах хэрэгтэй. Хонины тараг бам чийгийг эмчлэх эм учраас тун нь ихэдсэн учраас аминд хүрдэг байна. 
г) Нялх хүүхдийг ямааны сүүгээр угжихад мариалаад, царай нь цайгаад тэжээл нь таарч байхад хонины сүүгээр угжвал тураад, хатингар болдог нь хоёр хурц харгалдаж бие биеэ устгадаг байна.
Монголчууд ямаагаар боодог хийдэг, хониор боодог хийдэггүй нь ямаа хүйтэн хошуут мал учир шар хөөрөхгүй, хонь халуун хошуут мал тул  шар хөөрөх буюу хурцаддаг учраас  боодог хийдэггүй, энэ зохицлыг мэдэхгүй учраас өнөөгийн чээж баячууд хониор боодог хийж, зочныхоо гэдсийг хямаруулна эсвэл ямааны боодог идүүлээд хүйтэн ус уулгаад ходоонд нь бөөгнөрөл үүсгэж зочноо өвтөгнө. Юм мэдэхгүйн зовлон гэж үүнийг хэлэх биз.
  д) Хавар ногоонд  дутуу цадсан үед, эсвэл  шумуулд хөөгдөх, эсвэл цасан шуурга, аадар хүйтэн бороонд хонь хотноос бэлчэхэд ямаа майлж хотноос явахаас татгалзаж, эсэргүүцэл илэрхийлэн майлаж, хойноос нь дагахаас аргагүй болсон мэдээлэлийг эзэндээ  өгнө.  Хашир малчид цаг агаарын гэнэтийн өөрчлөлт буюу хүйтэн бороо орох эсвэл ялаа шумуулд хөөгдөх зэрэг шинж тэмдэгтэй үед ямаа гэрийнхээ гадаа уячихаад унтана.
е) Ямаа хээрийн нохой эргэхэд хонь мэдээгүй байхад хөлөө өргөн чагнаж, газар завчлан, тургиж,  дайсан ирж байгааг урьдчилан мэддэг, ялангуяа сэрх олонтой бол бүр ч сүртэй зэрэг зэрэг газар цавчилан эгнэн зогсоод урагш давшилан хамараараа турхираад, хүрээд ир бид олуулаа байна гэх янзтай байдаг, гэтэл хонь огт сэжиггүй хивээд хэвтэж байхад нь хотны захаас боохой суйлаад аваад явчихна, хонь нэг дэр хийтэл үргээд үлдэнэ.  Малчид ямаа тургиад, хонь үргээд байна чоно эргэж байна гэж мэдээд хамгаалах арга хэмжээ авна, эхний ээлжинд хотоо тойрон чанга дуугарч чимээ өгнө, эсвэл буу байвал 2-3-н удаа хий буудах, хотны захад мануухай босгон, манаж хонох хүртэл арга хэмжээ авна. 
ё) Орой болох тутам хонь цаашаа явна, ямаа гэрлүүгээ  харихыг хичээнэ, тийм учраас хонь хотлох боллоо хонио хураагаарай гэж ээж, аав нар хүүхдүүддээ анхааруулдаг. Ээж аав нар хонио хураа гэж байна ямаагаа хураахгүй юм уу гэж хүүхдэд бодогдмоор байгаа биз. Иймэрхүү л бодлого  зохиож сурагчиддаа бодуулж сургадаг багш хэр олон байдаг  бол  . . .
ж) хонь нүдээрээ дайснаас биеэ хамгаалдаг бол ямаа туурайгаар газраас чимээ авч өөрийгөө хамгаалдаг.
з) хонь өөрөө амь халуун (36-37)-наа тогтмол барьж байх мэдрэмжтэй төрсөн учир 60 градусын хүйтэн ч байсан даарахгүй хэвээд, эсвэл өвсөө идээд хэвийн амьдарч байхад буюу гадна агаарын температурээс илүү хэмжээний дулаан цацаруулж байхаар төрсөн бол ямаа гаднаас ө.х. нарны илчээр амьдардаг учраас даарах, халууцах нь гадна агаарын температурыг дагах тул өвөл хот хөлдөөж, цагаан сар гарангуут, агаарын температур нэмэх болонгуут ноолуур нь хөөрч самнах болдог, гэтэл хонь 6-р сард зуны их халуун болох үед өөрийн халуун, нарны халуунтай тэнцэж ноос нь хөөрч хайчилдаг.
и) Уламжлалт анагаах ухаанд бараг бүх төрлийн эмийг төлгөн хонины шөлөөр даруулж уудаг нь төлгөн хонины мах хичнээн чанасан ч шөл гардаггүй учраас суурингийнхний нэрсэн, ариутгасан усыг орлуулдаг нь ТХМ эмийн сан гэдгийг батлана биздээ. 
Хонь яагаад орой болохоор цаашаа явдаг, ямаа гэр лүүгээ эргэдэг вэ?
Дайснаас биеэ хамгаалах увидасыг байгалиас заяахдаа амьтаны төрөл тус бүрд өөр өөр байдаг. Жишээ нь  хонь харж дайснаа таньдаг учраас газрын өндөрийг  буюу нар дагаж явсаар гэгээ тасармагц  тэр газартаа шагай бөөн хэвтээд өгнө. Баталгаа нь: 1-д хонь хөдөө хонохдоо заавал газрын хамгийн өндрийн оройн ээвэр газар хоносон байдаг. 2-т харанхуйд хонийг хөөхөд хуйлараад явахгүй, явсан ч газрын өндрийг бариад зугтана. Энэ тохиолдолд ямаа танд туслана. Ямаа хөөсөн зүг рүү чөлөөтэй явна. 3-т хонь чоно нохойд  хазуулахдаа нүдээ нууж, сүүл, ар хонгоноосоо бариулдаг бол ямаа газрын хөрсөөр дамжсан долгионы давтамжаар ялгаж, мэдэрдэг учраас мөргөж, амиа хамгаалахыг хичээх тул чоно багалзуурдаж, ганц сэгсэрээд чулуудахад толгойгоо дороо хийгээд үхсэн байдаг. 4-д хонь муулахад ганц ч дуугардаггүй байтал ямаа унагангуут майлдгийн учир нь дайснаас амиа хамгаалах байгалиас өгсөн тавилантай холбоотой байна. 5-т хонь тэргэл сартай шөнө хотныхоо аль өндөр хамар өөд авирч хэвтэх, ногоонд сайн цадаагүй үедээ шөнө бэлчэх тохиолдол байдаг атал харанхуй шөнө бэлчдэггүй. 6-т хонь дэлүүндээрээ хэн өөрий нь егүүтгэснийг дүрслэж үлдээдэг.
Иймд амьтан бүхэн өөрийнхөө тухай долгионыг (мэдээллийг) зарим нь цацаж, зарим нь бусдын цацсан долгионыг хүлээн авч амь амьдралаа зохицуулж байдаг.
Долгионийг хүлээн авч дайснаасаа биеэ хамгаалах увидасыг бурхан ямаанд заяасан тул ямаа, нохой туурайгаараа газраар дамжсан долгионоор дайсан хаанаас айсуйг мэдэрдэг, гэтэл хонь гадагшаа долгион цацдаг учраас үнэрээр нь чоно байтугай нохойч хонь байгаа газрыг алсаас мэдрэнэ. Ийнхүү хонь, ямааны эсрэг ба ижил хос шинжийг дүйцүүлж, хослуулж малладаг нь мал маллах монгол технологи төдийгүй, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр мөн. Монголд ямаагүй хонин сүрэг байдаггүй учир энэ болой.
Бодыг ухаанаар маллахын онолын үндэс нь аливаа амьд амьтан бүхэн төрөл олсон нутаг ус, цаг агаар, орон зайнаас холдохооргүй заяадаг байгалийн жамыг ашиглаж сурагаар, айл хотлоороо хамтран малладаг. 
Үхэр сүрэг адуутай адил, хоорондоо ижилсэг амьтан учир тугалдаа үнээ ирэх цагтаа хотлоход сувай үхрүүд том, жижиггүй дагаад ирдэг бол ингэ ирэхэд сувай тэмээнүүд ирэх байтугай бүр цаашаа улам холдох тул тэмээг зоймог мал гэж нэрлэдэг. Таван хушуу малаа  бог, бод гэж хоёр хуваадаг нь дөрвөн улирлын туршид хүнсээр тасрахгүй байх мэргэн ухаан гэмээр. Зун бог муулахаас бод муулахгүй биз. Хонь зуу хүрэхээр идэх хонь олдохгүй, адуу арав хүрэхээр унах морь олдохгүй болдог хошигнол ч  бодит үнэн юм. Энэ хошигнолоос маш олон дүгнэлт хийж болно: Энэ тоо бол малчин өрхөд оногдох малын  доод хэмжээ буюу өрхийн амьжиргааны доод түвшинг малын тоогоор тогтоосон хэрэг. Малын татварыг энэ тооноос   илүү гарсан малаас тооцож эхлэх ёстой гэсэн мэргэн ухааныг малчдын далд мэдлэг төрийн удирдлагадаа ухааруулж байдаг. Нэг өрхийн адуу хонины хамгийн зохистой тооны харьцаа 1:10 байна гэсэн далд утгыг илэрхийлнэ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats