Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гэр нүүдэлчдийн сонгомол сууц, гэрт амьдрах нь хоцрогдол биш
Монгол гэр үдээрийн хүчээр хүчтэй цасан болон шороон шуурга, аадар бороо, усны үер, бага дунд зэргийн балын газар хөдлөхөд ч унадаггүй нь гайхамшиг, ийм холбоосыг нано технологиор ч өнөөдөр хүн төрлөхтөн бүтээж чадаагүй байна. Тэмээнийхээс бусад малын арьс ширээр хана үдэж болдоггүй нь тэмээ таван хушуу малд зайлшгүй багтах нэг нөхцөл мөн бололтой. Гэрийг цилиндрь бөгстэй, огтлогдсон конусан чээжтэй бүтээсэн нь хаанаас ч салхилсан ижилхэн даралт өгдөг, гэрийн бөгс нь салхийг хоёр тийш нь ярж, хүчий нь суларуулдаг бол чээж нь салхийг дээш нь илүүтэй хагалах учраас гэрийг дээрээс нь дарж байдаг тул гэр салхинд тогтвортой байдаг. Гэрийг дугуй хийдгийн учир нь аль ч зүгээс салхи шуурга болоход зурагт үзүүлсэн сумын дагуу салхи, шуурганы чиглэл хэрхэн өөрчлөгддөгийг үзүүлэв. Гэрийн бүх эд ангиуд цөм уян харимхайн онол дээр тулгуурласан зөөлөн холбоогоор холбогдож байдаг. Энэ онолыг бог малаа холбож саахдаа хүртэл монголчууд өргөн хэрэглэдэг бол суурингийнхан техникт хатуу зөөлөн холбоог өргөн ашигладаг. Чингисийн тугнуудийн дугуй байдгийн учир ч энэ онол дээр тулгуурладаг юм. Ийнхүү нүүдэлчид гэрээ физикийн шинжлэх ухааны онол дээр бүтээсэн, мөнхийн төгс бүтээл учраас гэрийг цааш хөгжүүлэх гэсэн ойлголт ч  байхгүй.
Нүүдэлчид гэрээ барихдаа “баярлаж бууж баяжиж нүүе” хэмээн сан тавьж ариусгасан буурин дээрээ сээр шиг нугаласан ханаа, сэмж шиг дэлгэн дугуйруулж, ес есөн амуудий нь малынхаа хүзүүний заадал адил амлуулж, малынхаа хялгас ноосоор хийсэн дээсэн боолтоор зууртал бооно. Дараа нь эгч дүү хоёроо эн чацуулан ханынхаа хүзүүгээр нь хүүдийний амсарыг хумихтай адил хялгасан дотуур бүслүүрээ татна. Гутгаарт нь сар шиг дугаргий, сам шиг садархайгаа тэнгэрт тэгнэнэ. Дөрөвт нь урт хар хүнийхээ бөгсийг утсаар дөрлөж ханынхаа толгойд дөрлөж суулгана, толгойгий нь саранд сойно. Тавд нь цав цагаан цамц өмсгөнө, зургаад нь өвөлд өвлийн, зунд зуны улиралд тохирсон өвч бүрэн өмд цамц буюу цаваг дотуур бүрээс нөмөргөж, гадуур бүрээс буюу дээл өмсгөж, гадуур нь цагаан халаат нөмөргөж хоёроос гурван бүс бүслэнэ. Гэрийн бүрээсийг хонины ноосноос өөр нано технологоор бүтээсэн ямарч материал орлож чадахгүй. Өрхийн тэргүүлэгч гэрийн малгайгий нь өмсгөхдөө өөрийн өмч хойт талыг баруун зүүн хойш гурван тийш бүчлэн байнгалан уяж, эхнэрийн өмч өрхний урд талыг хойш нь татаж, оосрыг нь бүслүүртээ хавчуулан орхино. Ө.х. эхнэрийн мэдэлд үлдээнэ. Өрхөөн татах эхнэргүй бол эр хүний гутамшиг буюу “эхнэргүй бол гэр эзэнгүй”, өрхий нь татах “нөхөргүй бол эм хүний бие эзэнгүй” гэсэн цэцэн үг үүсчээ. Нарт ертөнц, хөх тэнгэртэйгээ харьцахын тулд өдөр гурвалжин, шөнө дөрвөлжин болж хувирдаг малгайгаа өрх гэж нэрлэнэ. Өрхийг заавал өрхийн тэргүүлэгч тавьдагч гэсэн эхнэр нь нарт ертөнц, хөх тэнгэртэйгээ харьцах эсхийг хариуцдаг нь ёс жаяг төдийхнөөр ойлгож үл болно, энэ гэрт эрх тэгш хамтран амьдарч үр удамаа үлдээж хэн хэн нь өөрсдийгөө хорвоод хүн болж төрсөн гавъяагаа мөнхжүүлнэ гэсэн тангараг учир аман хууль болон хатуу баримтладаг нь нүүдэлчдийн гүн ухаан, далд мэдлэг юм. Эндээс өрх айл гэхээс айл өрх гэж нэрлэхгүй бололтой. Гэрийн өрхийг эм хүн тавих цээртэй нь дархан уулын оройд эм хүн гардаггүйтэй, эсвэл өрхийн тэргүүн эр нь байх ёстой гэж үзэх зэрэг нь хөдөлмөрийн нарийн хуваарь төдийгүй ёс суртахууны гүн утгатайгаас, хосын онолоор нүүдэлчид эр хүйс, суурингийнхан нь эм хүйс гэдгийг батлахаас эр нь илүү эрх эдлэнэ, эм нь дутуу эрх эдлэнэ гэсэн ойлголт бишээ. Эндээс хүн төрлөхтөн суурин ба нүүдлийн хоёр иргэншил зэрэгцэн орших тавилантайгаас нэг нь нөгөөгөө үгүйсгэдэггүй буюу дангаар оршин тогтохгүй гэсэн дүгнэлт ургаж байна. Гэрийг заавал дотуур гадуур цагаан бүрээсээр бүрдэг юм бэ? гэсэн сонирхолтой асуулт урган гарч байна. Минийхээр бол бараан өнгөөр хийдэггүй нь гэртээ нарны илчийг шингээхээс татгалзсан мэт санагдавч өргөө цагаан гэр гэж тодотгодог нь цагаанд бүх өнгө цогцолсон төдийгүй үнэнийг, цэвэр ариун байдлийг илэрхийлдэг, мөн цагаан өнгөнд дээд мандлын бүтээлч чанар агуулагдаж байдгаас энэ бүгдийг зэрэг хүртэж байхын тулд хонины ноосонд шингээж хүртдэг монголчуудын гүн ухааныг хадгалж  дотуур гадуургүй цагаан бүрээс хэрэглэх болжээ. Тэхдээ дээвэр туурга нь хонины ноосоор хийсэн учраас нарны гэрлийг шүүж, хүнд ашигтай спекторыг шингээж, ашиггүй нь буцааж ойлгодог нүд шиг үүрэгтэй ч байх магадлал маш өндөр байна. Модыг хичнээн тайрсан ч модны шинжээ хадгалж байдагтай адилхан ноосонд хонины бүх шинж агуулагдаж байх учраас гэр доторхи бүх муу, муухай бүхнийг ариусгаж байдаг байна. Иймд хөшиг, дотуур цагаан бүрээс нь монголчууд суурин амьдралтай хослох болсон үеэс нэвтэрсэн учраас аливаа өвчний үүр болох нөхцлийг бүрдүүлдэг байж магадгүй. Бүрээсний шар эсгий галзуурдаг, шар эсгийгээр үй олон өвчнийг илааршуулдаг шүүдээ. Тийм учраас үүнийг тэрлэгч миний бие эсгий туурхтаныг шороон туургатанаар солихыг эрс татгалздагын учир үүнд оршино. Физикийн шинжлэх ухаанаар тайлвал монгол хүний гэрлэн бие битүү орчинд амархан бохирдож, өвчилдөг, гэтэл хятад хүн өмхий, чийгтэй байшин байтугай нүхэнд ч бам чийгтдэггүй байхад монгол хүн ийм орчинд 3 сар ч амьдарч чадахгүй чийгтэж, хөл гар нь хавдаж, хонины тараг уувал цохиулж үхдэг шүүдээ. Шувууны өндөгөнд сүүдрээ дайруулвал эх нь голоод хаядаг нь хүнээс дандаа хортой үнэр ялгарч байдаг түүнийг нарны гэрэл ариусгаж байдгийг нотлож байна. Энэ нь монгол хүн хий махбодтойгоос хортой үнэр өндөгөнд шингэж байхад, хятад хүн шороон махбодтойгоос өндөг шороон дээр байгаа учраас хятад хүний сүүдэр тусхад эх нь өндөгөө голохгүй гэсэн таамаглал дэвшүүлье.
1000 хонь ч бэлчиж явахдаа газар дээрх өндгийг гишигдэггүй, сүүдэр нь туслаа гээд эх нь голдоггүйн учрыг тунгаагаарай, ухаанаа уралдуулаарай уншигч олон минь уу.
Гэрийг хоньгүйгээр төсөөлж болохгүй.
Морины сайхныг нь үзье гэвэл шанх эсвэл сайвар гэгч хөлд нь сайхан гэгч шанханд нь гэдэг үг бий. Тэмээний ганграа бөхөнд, хонь, үхрийн ганграа сүүлэнд нь, ямааны ганграа эвэрт нь байдаг. ТХМ-ын сайхны ерөнхий шинж нь таргандаа байдаг, эндээс малчдын тансаг амьрахын эх үүсвэр нь мал учраас “тарган мал тал бүрийн ашигтай” хэмээх сургаалыг аман хууль болгон мөрддөг юм. 
Хонины буянаар өрх айл бүхэн туурга тусгаар бичил улс болсон төдийгүй нүүдэлчдийг нийтээр нь “эсгий туургатан” хэмээх алдар нэрийг хайрласан биш бил үү. Хонины ноосоор эсгий хийж гэр орноо өвч бүрж, ширдэг дэвсгэр, дөрвөн улиралын дээл хувцас хийж, хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уух нөхцлийг ганцхан хонь л бүрдүүлнэ гэх мэт хонины буянг тоолж барахгүй. “Үхрийн шим арвин, хонины ашиг их” буюу НСИ-тэнийг эсгий туургатан хэмээн нэрлэдэг нь малчдын амьжиргааны үндэс хонь, хонь гүй бол малчид ажилгүй, амьжиргаагүй шахам, цаа бугагүй бол цаатангууд сөнөнө гэдэгтэй утга нэг байнаа. Эндээс боггүй бол хот хоосон, гэр нь зэвэр даагаад нэг л өег биш, идээ тавих өрөм хуруудгүй, аяганд хийх ээзгий, хусам тараггүй шахам ажин түжин байдаг. Өдөр бүр дагаж малладаг учраас ажилгүй мэт, өөрөөр хэлбэл мал маллах ажилд сул зогсолт ихсэх учраас ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийн хийх ажил хомсдож унтах, идэх нь ихэсдэг юм. Эндээс хоньтой хүн хоолтой, хонины дэргэд баатар, баатрын дэргэд хонь, хонь гаталсан уснаас чоно долоох, бууцтай газрын үнэг турж үхдэггүй, хониор хүндэлбэл үхрээр хүндлүүлдэг сургаал үг гарчээ гэтэл бусад малд ийм хэлц үгнүүд ховор учраас ТХМ-аа атом гэвэл хонийг атомын цөм гээд байгаа юм. Иймд монголчууд чинь амьд атом бүтээж, түүгээрээ хорвоод ажиллаж, амьдарч ирсэн дэлхийд мөнхөрсөн, дэлхий сөнөхөд хамт сөнөх тавилантай цорын ганц улс хэмээн цэцлэе. 
Үхэртэй баянаас нөхөртэй баян, үхэртэй явахаар нөхөртэй яв гэснээс үхэр шим арвинч, хонийг орлож чадахгүй гэдгийг ухааруулжээ.
Хонь атомын цөм гэхийн учир нь:
1.Хонь экологийн эм зүйч. Зөвхөн миний олж цуглуулснаар хониор 63-н төрлийн өвчнийг илааршуулдаг, Тэрээр гэрийн тэжээмэл бусад малын алинч иддэггүй бүүр хог ургамал гэж тооцогдсон үй олон төрлийн ургамлыг идэж, байгалийг байнга цэвэрлэж хорыг зөв хэрэглэвэл эм болно, эмийг буруу хэрэглэвэл хор болно хэмээх сургаалыг зохиоход хүргэсэн амьтан бололтой. Монгол эмийг төлгөн хонины шөлөөр даруулж уудгийн физик үндэс нь: төлгөн хонины махыг хичнээн удаан чанасан ч шөл гардаггүй учраас орчин үеийн ойлголтоор нэрсэн ус, новокины оронд ашиглаж байжээ. Мөн борви, тойгоны шөлөөр даруулж уудаг нь үүнтэй адил ширгээсэн усаар даруулж уудаг байна. Үүнийгээ төлгөн хонь бөөрөндээрээн цоорхой гэсэн хэлц үгээр илэрхийлэн олны хүртээл болгон, аман хууль мэтээр хэвшүүлж ашигладаг байжээ. 
2. Хонь, адуу, үхэр гурав жинхэнэ эх орончид. Тэмээ ямаа эх оронгүй амьтан гэхийн тайлал нь хонины хот, адууны зогсоол, үхрийн хэвтэр гэхээс ямааны хот, тэмээний зогсоол гэж байдаггүй, халуун хушуут мал нь отроор хол нүүх, бусдад худалдахад төрсөн нутаг ус руугаа гүйдэг бол хүйтэн хушуут мал гүйхгүй, бэлчээр хөөгөөд явна. Вьетнамаас вагоноор ачигдаж очсон морь гүйж ирсэн нь өсөж төрсөн өлгий нутаг ямар агуу ид шидтэй болохыг ухааруулж байна. Хүн гэдэг ийм харгис энэрэнгүй биш, энэ мэтээр байгаль экологийг сүйтгэж байж л амьдрах аягладаг байна. 
3. Бүхий л хоол хүнсний дотроос махан хоол сахаргүй, нүүрс ус багатай, тэжээллэг, шүүслэг, элдэв төрлийн хорт бодис дэлхийн стандартаас үлэмж бага. Маханд хүний бие махбодид зайлшгүй хэрэгтэй аминхүчил, уураг, ердийн үр тарианд байдгаас тав дахин их, үүнээс хүний биед зайлшгүй хэрэгтэй өөхний хүчил, тосонд уусдаг төрөл бүрийн аминдэм /А, Д,Е,К/ болон В12 аминдэм арвин. Харин С аминдэм маш бага. Маханд байдаггүй зүйл нь эслэг гэдгийг  монголын эрдэмтэд тогтоожээ.
Хонины буянаар амьдардаг Говийнхоныг урт ухаантай гэдэг: 1. хангайн хүн говийн айлд очоод танайхны мал газар тонголзоод ам нь хөдлөөд байх юм, нүдэнд үзэгдэх өвс алга юу иддэг байнаа гэхэд тонголзоод байдаг нь лав л газарт мөргөөгүй байх, ам нь хөдлөөд байдаг нь лав л маань уншаагүй байх гэж хариулж амы нь тас алгадсан нь үг ямар үнэтэйг батлах төдийгүй говийн догшин ноён хутагт Данзанравжаагаас өөр ухаантан байгаагүй мэт ойлгодог хангайчуудад “говьд хүн болж төрхөөс, хангайд бух болж төрсөн дээр” хэмээх буруу ойлголтоосоо татгалзахад хүргэжээ. 2. Уртын дуу, морь уралдах, бөх барилдах зан үйл говиос гаралтай тухай бусад бүтээлдээ бичсэн болой. 
Өрнөдөд хонийг тэнэг амьтан гэдэг бол монголчууд сүргийн манлай хөх нүдэн хонио тэнгэрт даатгаж сэтэрлэдэг, сүргийн сор шар халзан иргээ хүндтэй зочинд бэлэг болгон барьдаг. Малын сор манхан халзан хониныхоо төөлэйг бурхандаа өргөдөг. Хонийг тэнгэрээс өөр амьтан унаж эдэлдэггүй, хараадаггүй, оюуны чадавхаар хүнээс давуу 50 айку гэж эрдэмтэд нотложээ. Өнөөдөр хониор боодог хийж, мөнгө цаасны оронд зарлагадаж ямааг ямбалуулж явсаар их удахгүй хонь үгүй орон болоход ойртсоор байгаа тухай хэвлэлээр дүүрэн бичигдэх боллоо.
Дугуй сайхан сүүлтэй, дуграг хоёр эвэртэй, дун цагаан хонио, дурсах хөшөөгөөр  соливол нүүдлийн монгол суурин монгол болж, цагаан-улаан хоолтоноос ногоон-улаан хоолтон болж, бүстэй хувцасаа бүсгүй хувцасаар сольж, хөх толбоо өл халзнаар сольж, хий махбодоо шороон махбодоор сольж, байгаль экологоо сэргээж тэтгэдэг амьдралаа устгаж амиа зогоодгоор сольж, амьд хоол, ундаагаа амьгүй хиймэл хоол ундаар сольж, эсгий туургаа шавар туургаар сольж, хувь тавилангаа даатгасан морио, амиа алдах эрсдэлтэй төмөр мориор сольж, өөрөө өөрийгөө тэжээдэг амьдралаа, өрөөл бусдаас хараат болгож, яруу сайхан монгол хэлээ, наймааны англи хэлээр сольж, төвд тэмүүлэх хүчний амьдралаа төвөөс зугтах хүчний амьдрал руу эсвэл хонин амьдралаас ямаан амьдрал руу шилжүүлж ертөнцөөс өөрсдийгөө цэвэрлэж буйгаа төрийн түшээд, их хурлын гишүүд маань мэдрэхгүй сэрэхгүй байгаад харамсах юм.
Ингэний сүүний архи хөлд гардаг нь тэмээний хөл нь уртадсан учраас хүчтэй цасан болон шороон шуурганд тэнгэр арилтал хэвтэж өнгөрөөдгийн учрыг тайлж байна. Энэ нь хоёр буур ноцолдохдоо бие биеийнхээ тойгыг хаг хазахын тулд өвдөгөө хамгаалж сөхөрч ноцолддогтой утга нэг юм. Тэмээг хэвтүүлж сургахдаа урд хоёр хөлийг таваглаж, бөхний дундуур зөрүүлж татахдаа эхлээд буруу талын хөлийг өвдөглүүсний дараа зүүн хөлийг өвдөглүүлэхэд тэмээ өөрөө хэвтэнэ. Энэ үед бурантагаа сугсарахдаа сөөг сөөг гэж хэвтэл нь зөөлөн уянгалуулан дуугарна. Сугсарах механик хөдөлгөөний давтамж, сөөглөх дууны давтамж хоёр адилхан фазаараа давхцаж, резонанс болох учраас тэмээний сэтгэлийг уяруулж хэвтэхэд хүргэдэг юм.
Архи нь сэтгэхүйн тэжээл учраас хүн төрлөхтөн зохих хэмжээгээр хэрэглэж ирсэн уламжлалтай юм. Улс бүхэн үндэстнийхээ бие махбодын онцлогт тохирсон айраг эсгэж архи гаргаж авдаг. Хүн төрлөхтөн цагаан-улаан, ногоон-улаан хоёрхон төрлийн хоолны түүхий эдтэй учраас Монголойдууд буюу хөх толботонгуудад цагаан идээгээр эсгэсэн архи илүү зохимжтой.
 Адууны сүүний архи толгойд гардаг нь адуу ганцхан цаг босоогоороо унтах учраас далан нь толгойгоо нэг цагаас илүү даадаггүй гэдгийг батлана. Энэ нь хоёр азрага ноцолдохдоо бие биеийнхээ даланга сэт хазахын тулд цоройж ноцолддогтой утга нэг юм. 
Богийн болон үхрийн сүүний архи ходоодонд гардаг учраас хоолны шингэлт сайжрах, тохируулж уувал нойр ихэсгэж, биеийн ядрааг арилгах зэрэг эерэг тал давамгай байдаг.
Халуун хушуут мал өөрөөсөө дулаан ялгаруулдаг, тухайлбал хонины арьс дулааны үүсгүүр учраас хонины арьсаар дээл хувцас, бүрээс ширдэг дэвсгэр хийдэг, адууны мах нь дулааны үүсгүүр учраас өвлийн 40 градусын хүйтэнд ч адууны мах тэс хөлдөхгүй, харвингийн өөх,  далан нь хайлмагтаад л байдаг  учир гунан үхрийн эвэр хөлддөг гурван есийн хүйтэнд адууны мах чанаад хөрсөн хойно нь идээд, ус уучихаад бод малын эрэлд ч юм уу адуундаа өдөржин явахад ходоод халуу оргиод, нүүрнээс цог бутраад  идсэн хоол сайхан шингэж байхад ямааны мах идвэл, ус уух байтугай халуун цай уусан ч ходоодонд царцаж шингэхгүй байх тохиол олонтоо тохиолдоно.
Гэтэл хүйтэн хушуут мал нь нарны илчээр амьдардаг учраас ямаа өвлийн 40 градусаас дээш хүйтэрвэл сэмж нь царцаж үхнэ, зуны өндөр хэм халахад наршиж үхнэ. Тэмээ зуны ид халуунд арьс нь толь шиг болж нарны гэрлийг бүрэн ойлгодог, бусад улиралд чээжин талдаа дах тэхдийнээс салахгүй, бөгсөн бие нь гахайны бөгсийг авсан учраас өвлийн 40-өөс дээш хэм хүйтэрсэн ч даарахгүй шалдан шахам байдаг. Ямааны сэмж хамгийн түрүүнд царцдаг учраас тэмээ энэ аюулаас хамгаалж сэмжгүй заяасан амьтан билээ. Тийм учраас орог саарал хөх, хар ямааны хийгээд хуц, ухны махыг настайчууд иддэггүй. Орог саарал, алаг зүсмийн малаар эцэг мал тавихийг цээрлэдгийн учир энэ болой.
Үхэр халуун хүйтэн хушуут малын алтан дундаж учраас дөрвөн улиралын алинд нь ч мах, сүү, ширийг ашиглаж болно. Үхрийн архийг аль ч улиралд уухад шингэцтэйгээс гадна өвлийн улиралд настайчууд унтахын өмнө шар тос хийж, халааж уухад хоолны шингэц, нойронд сайн гэдэг.
Тэхдээ  “үнээний шим арвин, хонины ашиг их” гэж сургадаг нь юу хэлээд байна? Эндээс 1. үхрээс илүүтэй хонио өсгө. 2. эсгий туургатан гэхээс ширэн туургатан гэдэггүй. 3. хонины шагай, дал, элэгээр мэргэлэхээс үхрийн ясаар мэргэлдэггүй. 4. хонь хортой ургамлыг идэж байгалийг цэвэрлэдэг бол үхэр идэхгүй. 5. хонины хоргол газрыг бордож ургац ихэсгэдэг бол үхрийн баас хөрсийг өтүүлж, ургацыг багасгана. 6. хонины хоргол бууц болдог бол үхрийн баас бууц болдоггүй. 7. Хонины хөрзөнгийн дулаан гаргах чадвар үхрийн бааснаас үлэмжийн их. 8. хоньтой бол өдөр бүр ажилтай, хоолтой, үхэртэй бол хагас ажилтай, хагас хоолтой. 9. хоньгүй бол говь, хээрийн бүсэд малчин байтугай аймаг суманд өрх айл амьдрах нөхцөл алдагдана. 10. төлгөн хонины шөл, борив тойгоны шөлөөр монгол эмийг даруулж уудаг бол үхрийн шөлөөр эм даруулж уудаггүй. 11. Хонь монголын аль ч бүс нутагт зохицож амьдрах чадвар сайтай бол үхэр бүс нутгийн онцлогоос хамаарна. Зуд тэсвэрлэх чадвараар хониноос үлэмж дутуу. Түрүүчийн миний 61-ний үхэр жилд монголын үхрийн ихэнх нь цөөрсөн, энэ үхэр жилд өөрийгөө төдийгүй урт сүүлээрээ ороолгож тэмээнээс бусды нь дагуулан буцах бололтой.
Энэ мэт нь нүүдэлчдийн багш мал юм бол хамгийн сайн, өгөөжтэй, хорыг хүртэл эм болгодог багш “хонь” юм. Хонины яс нь зурхайч, далны яс, дэлүүндээрээ эзнийхээ хувь заяа, өөрийнхөө түүхийг бичиж үлдээдэг, баярлах гомдох нь мэдэгдэхгүй, дүнсийчихээд, хувиа борлуулбал болоо гэх янзтай.  Хос онолоор бол эрэгтэй багш юмаа даа.
Хамгийн өгөөжгүй багш нь ямаа юм. Үргэлж цалингаа голж байдаг, ховч, үглээ, амархан халууцна, амархан даарна, янгууч, хямсгар, цэвэрч,  сагсуу, тэгсэн мөртлөө гэрсэг, шавь нартаа эрхлэх дуртай, цагаан сар өнгөрөнгүүт үстэй дээлээ тайлаад зуныхаа хувцасанд орчихоод тэнгэр жаахан муудангуут үхлээ хатлаа гээд шавь нараа дуудаад л орилчихдог. Хос онолоор бол эмэгтэй багш юмаа даа.
Эртний зургаан хүрээ монгол улс нэгдэж гэрийн “хана” болсон гэнэ лэй, ерэн таван түмэнд хуваагдаж, гэрийн унь болсон юм гэнэ лээ, гэрийн баруун багана удамшлыг даадаг, зүүн багана уламжлалыг даан хамтын хариуцлагын тогтолцоо, ингэж “гэрээр” бүтээгдсэн гэдэг, энэчлэн Их Монгол улс гэрийн онолоор байгуулагдсан гэнэ лээ.
Доодос нь туургандаа багтаж, дээдэс нь дээвэртээ нэгдэж, алив бүхэн тоонондоо захирагддаг онолоор ажиллаж, амьдардаг монгол уламжлалаа уландаа гишгэсэн, гэрийг байшингаас дорд үзэж, бусдын хийсэн бүтээсэн эсвэл бүтээгүй бүхнийг шиншилж, орчин үеийн хэллэгээр бол сайн муу энергийн холимог хүртэж амьдарч байгаа бүлэг хүмүүст зориулж бичиж байгаагаас биш, суурин иргэншлийнхэнийг цөмыг хэлээгүй шүү уучлаарай. 
Гэрийн онолоор бол хамтын хариуцлага нь хана билээ. Хана, унь, тооно гэрийн араг яс адил, хамтын хариуцлага, ололт амжилт, удирдагч дор улс орших тул дөрвөн түмэн настай гэр сууцаа танин байж, нөгөө талаас гэрийн хана ард олон, унь нь дундчууд буюу сэхээтэнүүд, тооно нь төрийн тэргүүн гэвэл засаг төр гэрийн онолоор үүсчээ гэсэн сэтгэгдэл төрж байна. Энэ үнэн үү?, худлаа юу? Хэмээн эргэлзэвч энэ эсээд үнэн юм нэгч үгүй, цөм хөөс боловч бүх юм ийм л байдагт эргэлзэх хэрэггүй.
Монгол гэр нь нүүдлийн соёл иргэншлийн орших, эс рошихуйн уужим огторгуйг тайлан уншиж болох бэлгэ билгүүний алтан түлхүүр гэдгийг үл ухаарагч, шавар дөрвөн ханаар солихыг хөгжилд ухаардаг ухаанд нь ухна үхсэн, сэтгэлд нь сэрх үхэгсэдийг сэрээх зорилгоор бичив. 
Гэргүйгээр бугын хангай, зээрийн тал, хавтгайн говьд хүн яаж амьдарч, нүүдлийн соёл иргэншлийг хадгалж, явах вэ?, хүн төрлөхтөний ирэхүйн орчлийг судлаж буй эрдэмтэд Чингисийг судалж, мяганы хүнээр тодруулж, улмаар өнөөгийн Монголыг судалж эхэлсэн нь үүх түүхээ эс хэрэгсвээс үнэнийг мэдэх хувь үгүй, үндэс угсаагаа үл хайхарваас үхлээс зайлах арга гэж үгүй гэдгийг сануулж байнам биш үү.
Та бид элэнц, хуланцынхаа “эгэмний махаа яс болтол, хөлийн тавгиа туурай болтол” мөлхөж бүтээсэн гэр, таван хушуу малынхаа буянаар үрсийнхээ төлөө есөн хүслээр амьдарч, үүслийн гурван эрдэнэд үндэслэж урган цэцэглэж одхуйг барж, ирэхүйд ч мөнхрөх тавилантай биз ээ.



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats