Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Өвс хадах болсон түүхээс

Нуруулдсан өвсийг намар цагт үхэр нурааж, ялгаж идхийг эрмэлзэхийн оронд сэжиж, нурааж тараадаг учир юу?, хариулт: үхэр шороон ба усан махбодтой учраас газраас үнэрээр нь ялгаж идэхийн тулд хадсан өвс үнэргүй шахам болдог учраас байгаль дээрээс идүүлсэнгүй гэж эзэндээ эсэргүүцэл илэрхийлж байгаа юм. Ямаа аль болох өвсний дээр гарч давтаж, аль сэврүүн, ил цэцэг навчийг булаалцаж, бие биеэ мөргөж хүчтэний дэргэд хүчгүй нь буруутайг ухааруулж, сорчилж идэж, гишгэчиж, алсыг харж сэтгэлээ сэргээж сүүлээ годогнуулан, идхээсээ илүү бааж шээж, хэвтэж алжаалаа тайлана.
Хонь, адуу, тэмээ идэш тэжээлээр нэг их дутаагүй үед очих ч гүй. Бэлчээрийнхээ өвсийг хатсан, өвөл байсан ч  бэлчиж идэшлэнэ.
Эндээс бэлчээрийн мал гэдэг нь заавал хөдлөж явж, өөрийн дуртай өвсөө түүж иддэг уудаг, нэг үгээр хэлбэл амьд хоол унд хэрэглэдэг мал гэж ойлгож болно.
Амьд гэхийн учир нь амьтан бүхний мөр нь үнэртэйгээ хамт газарт шингэдэг, гэтэл хадсан өвс үнэргүй болох учраас түүндээр мөр ч үлдэхгүй.
Гэтэл хүн амьгүй хоол, унд хэрэглэдэг учраас хүнээс ялгаж хөдлөх, явах гэхийг бэлчих, идхийг идэшлэх гэж ялгаж нэрлэдэг нь цаанаа утгын гүн ялгааг илэрхийлж байна.
Тэгвэл суурин мал чинь хүн шиг амьгүй хоол унд хэрэглэдэг учраас зэрлэг өвгийн шинжээ бүрэн алдсан, бэлчээрийн малтай адил мах, сүү, ноос ноолуурыг зэрэг өгч чадахгүй, аль нэг чиглэлээр эрлийзжүүлдэг учраас бусад ашиг шим нь хэрэгцээ хангахгүй. Тухайлбал сүүний үхрийн мах, махны үхрийн сүү чанар муу байдаг.
Бэлчээрийн мал нь хүн-байгаль хоюуланг тэтгэдгээрээ суурин малаас ялгагдана. Эндээс бэлчээрийн малд хадсан өвс хэрэггүй гэсэн санаа илэрнэ. Тийм учраас эцэг өвгөд элэнц хуланцаасаа эхлээд өвс нөөцлөж байсангүй нь хоцрогдол биш харин  бэлчээр хамгаалах шилдэг арга бөлгөө. Гар тэжээл авдаг уламжлалыг үгүйсгээгүй. Гар тэжээл гэдэг нь таана, хөмүүл, агь, халгай мэтийн халуун чанарын, улирлын ургамлыг ургаж гүйцэтсний дараа шим шүүс нь үндэс рүүгээ буусан үед гараар зулгаах буюу хадаж тарагтай багсарч зоодой хийнэ. Малд өгөх тун, хэрэглэх арга технологич нарийн дүрэмтэй. Ихэнхдээ говь хээрийн бүсэд хэрэглэнэ.
Хадлан хадах, тариа тарих хоёр
адилхан газрын хөрсийг гэмтээж,
бэлчээрийн хомсдолд оруулна
Монголчууд бэлчээрийн ТХМ-даа 1930 он гартал хадлан авдаггүй байжээ.
О. Шагдарсүрэн өөрийн бүтээлдээ “ . . . 1828 оны тооллогоор халхын хошуу /Дорнод аймгийн Халх гол сум/ 58,8 мянган малтай байжээ. 1850 онд их зуд болж мал олноор үхжээ. Үүнээс үүдэн То ван нүүдэл олон удаа хийх, мал таргалуулах, муудаж доройтсон малыг тэжээж амьтан болгох, муу малыг шаарлаж идэхийг сургаал болгожээ. Мөн мал тариалан хоёр харшлах тул гадаадын тариачдаас газар хагалахыг хориглохын чухлыг сургаж байжээ” гэж бичсэнээс үзэхэд хадлан авч байгаагүй нь илт байна. Энэ хадлангийн тухай ойлголт Оросоос ирсэн буриадуудаас 1921 оноос хойш ардын засаг хуулбарлан авчээ гэж дүгнэж болох мэт. Цааш нь бичихдээ “ Сахлаг их өвстэй уудам  их талбайн ногоон өвсийг хадаж ашиглах үест үр тарианы талбай шиг хөрсний эрдэс минериал хадсан өвстэй тээгдэн шавхагдаж хөрсний шим тэжээл дутаж, алсуураа хадлан авах ч ургацгүй, өвөл мал оруулах элбэг сахлаг өвс ч үгүй болох аюул нүүрлэдэг” хэмээн тон онож тайлбарласан байна. Хэнтий аймгийн урд талын сумууд, Сүхбаатар аймгийн баруун талын сумууд яг ийм байдалд ороод, хадах өвс ч үгүй, оторлох нутаг ч үгүй болоод байгааг нүдээр харж байна. Академичийн энэ санаан дээр өөрийн санааг нэмэрлэвэл түймэр гарсан нутагт хавар ногоо ургахаар цэл ногоороод сайхан харагдаж байхад хашир малчид түймэрт орсон газрын өвс шимгүй, мал өөдтэй чамбай тарга авдаггүй хэмээн сургадаг нь хуучин боггүй учир шингэн ургадаг, богтой газрын өвс үндэснээсээ ногоорч өлтэй байдаг. Тийм учраас адуу хаврын нойтон богонд жилд ганц удаа цаддаг байснаа, одоо жилд ганц удаа цадах боггүй болсон учир хадах байтугай идэх өвсгүй болсон нь үнэн бололтой.
Бог нь нарны илч, бороо-цасны чийгийг үндсэндээ удаан барьж эрт ногоо гарч, ургац нэмэгдүүлдэг, намар өвсний үрийг салхинд хийсхээс хамгаалдаг, бие биеэсээ өрсөж өндөр ургадаг байна. Ийм учраас малчид бэлчээрээ улирлаар нарийн хуваарьтай ашиглахаас гадна, отроор малаа сайн таргалуулдаг нь хадлан авч тэжээснээс илүү бэлчээрээ оновчтой ашигладаг байна. Малчид гандуу зунжсан жил намар оторлож, оны тарга авсан малаа үлдээж, аваагүй малаа ширвэж таваарт хэрэглэн, шигшиж үлдээдэг нь онд хорогдол багатай мэнд орох л үндсэн зорилго тавьдаг. Малаа ширвэж идэж, шигшиж үлдээдэг нь эдийн засгийн хэлээр хөрөнгөө арвижуулж хүүгээ ихэсгэж буй хэрэг. Хадлан аваагүй учир бэлчээрийн нөөц мөнхийн эргэлтэнд тахлагдахгүй хэвийн хадгалагдана.
Дунд зэргийн амьдралтай нэг өрхийн малыг хагас сар ч бэлчээрт гаргахгүй тэжээх боломжгүй гэдгийг дээр тэмдэглэсэн билээ. Буриадуудаас хуулсан гэдгийг батлах хоёр баримт дурдвал: 1. Буриадууд хагас суурин амьдралд бүрэн шилжсэн буюу байшинд амьдардаг хэдэн үхэр, хэдэн хонь, унаарын буюу ачааны ганц хоёр морь гэсэн гурван хушуу эрлийзжүүлсэн малтай учир амиа аргацаахаас бусдад илүүчлэх мал үгүй. 2. буриадууд хадлангаа өвсний ургац дуусаж, үрээ хаясан үед хадна. Гэтэл манай засаг нь наадмын маргааш намар гээд л өвс гүйцэт ургаж амжаагүй, үрээ хаяагүй байхад нь жил бүр хадуулсаар байгаад хадах байтугай, мал идэх өвсгүй болгожээ. Оросын буриад түмэн манайхаас өвс худалдаж авдаг, хойт хилээр орж өвс хаддаг нь өөрийн газар нутгийн өвсийг дуусгасан, мөн л хадлан авах, тариа тарих хоёр адилхан байгалиа алсуур сүйтгэдгийг батлаж байна. Иймд То вангийн сургаалыг аман хууль болгон дагаж, байгаль дэлхийгээ дахин сэргээх цаг болсныг засаг төрд дуулгаж, эрдэмтэн мэргэдийн сонорт хүргэж байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats