Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ялгагдахуй буюу хос хуулиар ертөнцийг тольдвол :
 
1. Нар ба сар, од ба тэнгэрийн эрхэс, тэнгэр ба газар цөм нийлээд нэг макро цогцос бол түүн дотроос тэнгэр ба газрын завсарт салхи ба бороо, салхи ба шуурга, аянга ба бороо, уул ба ус, ус ба агаар, араатан ба жигүүртэн, хөрс ба ургамал, хүн ба сармагчин, зэрлэг ба тэжээмэл амьтад цөм нэг цогцосыг бүрдүүлж байдаг. Эд бүгд нэг цогцос учраас бие биедээ чөлөөтэй шингэж, нэгийг үхүүлж, нөгөөг төрүүлж, бие биеэ нөхөж, тэтгэж, устгаж байж л мөнхөд тэнцвэртэй оршиж байдаг. Хүн гэхэд амьтаны махаар хооллож, рашаан ус, ургамалаар өвчин эмгэгээ илаашруулдагын учир шалтгаан энэ болой. Эд бүгдэд байдаг ерөнхий шинжийн нэг нь ухаан билээ. Ухаанаар эд бүгдийг зохицуулж, удирдаж байдаг. Энэ цогцосын эд эс бүхэн нэг нь нөгөөгөөс ялгаатай байдаг учраас хүнд бусдаас илүү оюун ухаан заяасан нь өнөөгийн хүн төрлөхтөн  өнөөдрийн өндөр хөгжилд хүрчээ. Амьд амьтад төдийгүй байгаль ч бас ухаантай, ургамал ч юмыг мэдэрч, гуниглаж, баярладаг. Үүнийгээ навчаа хөдөлгөж илэрхийлдэг. Тухайлбал хорхой өвс зун хорхой болоод өвөл ургамал болж хувирч амьдардаг нь нэн гайхалтай.  Хүний  бие, сэтгэхүй нь бодит ба хийсвэр хоёр ахуй бие биеэ төрүүлдгийг, хэцүү хялбар хоёр бие биеэ төрүүлдэг хуулиар бүхий л амьтан, ургамал, хүн анх төрөхдөө, анх бий болохдоо энхрий, зөөлөн, сул дорой байж, үхэл рүү довтлох бүрийд хатуу чанга, гандан мөхөхийн цагтаа хуурай, хатуу, үрчгэр болдог. Хатуу чанга гэдэг үхэж доройтож эхлэж буйн шинж, зөөлөн сул гэдэг амьдарч эхлэж буйн шинж юм. Урт богино хоёр харилцан шүтэлцэж, өндөр нам авиа нэгдэж байж яруу тансаг эсвэл айдас дуудсан аялгуу дуурсгадаг, өнгөрсний араас хойч нь дагаж явдаг. Зөөлөн нь хатуугаа иддэг.  Эд бүгдээс дайнд хүчирхэг байсан арми яваандаа ялагдаж дуусдаг, хичнээн том мод ч хүчтэй салхинд жижгээсээ урьтаж булгарч унадаг, хүчирхэг байна гэдэг сул зөөлөн байхын давуу талыг хэзээд ч олж авч чаддаггүй. Агшсан юм өргөсөж сунадаг, бусдаас ямар нэг юмыг булаан авсан хүн эцсийн дүнд өөрт байгаагаа алдана, бага юманд тэмүүлбэл түүнээ олж авна, их юманд санаа хандуулбаас төөрөгдөлд ордог гэх мэт дайнд байтугай хоёр хүний маргаанд ч ялагч байдаггүй нь хос хуулийн мөн чанарыг илэрхийлж байна.   Эндээс ялгагдахуй буюу хос хууль нь хорвоо ертөнцийн оршин тогтнож байдгын учир шалтгаан, юмс үзэгдлийн мөн чанарыг таних боломж олгож байна. Эр хүнийг арга, эм хүнийг билиг хэмээн  ялгадаг нь энэ хоёрын шүтэн барилдлагыг тайлах гэсэн оролдлого, дээрх хосуудыг аль нь арга, аль нь билиг болхыг ялгаж барах билээ. Тийм учраас арга билигийн онол ч юм шиг, хууль ч юм шиг тодорхойгүй байдаг. Иймд харин европын эсрэг тэсрэгийн нэгдэл, азийн арга билигийн ойлголтууд дээр дурдсан хос хуулийн тухайн тохиол болно.
Ертөнцийн амьтай бүхэн эр эм хоёр хүйстэй байж л өөрийгөө мөнхлөн хорвоог бүрдүүлж байгаа биз. Эр эм нь тус тусдаа байхдаа нэг юмны хагас шиг, нийлэхээрээ бүтэн амьтан болж иж бүрдлийг үүсгэдэг.
2. Бүх юм уснаас эхтэй : амьтан бүр үр хөврөлөөс үүднэ, тэр нь шингэн. Оршин буй бүх юмнаас эсгэлэн шингэн ялгарч байдаг. Шингэн нь амьтан ургамал, газар ус, төдийгүй чулуу, төмөрөөс ч ялгарна. Хаана ч яваа амьтан бүхэн хүн ч гэр орон, гадна дотор, гуталтай гуталгүй мөр үлддэг, мөн барьсан тавьсан бүхэнд хурууний хээ үлддэг, үлдээсэн мөрний үнэр, хээгээр нь хэн болохыг ялгадаг. Энэ үзэгдлээс амьд амьтан бүр өөрөөсөө хувийн бусдаас ялгагдах шинж төрхөө шингээсэн үнэртэй давтамжаараа ялгаатай долгион  цацаж байдаг.
3. Сайхан амьдрана гэдэг нийгмийнхээ агаараар амьсгалж, нийгэмтэйгээ цуг амьдрахын нэр юм. Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан байдаг бол ядуурал хүний сайн талуудыг тодоруулдаг. Ахуй нөхцөл, орчин хүнийг аз жаргалтай байхад нөлөөлдгийг үгүйсгэх аргагүй ч гэхдээ хүний хувь заяа өөрийнх нь гарт байдгийг анхаарч өөрийгөө удирдан жолоодож, амьдралаа өөдрөг тийш нь залж амьдардаг нь ертөнцийн зүй тогтол юмаа.
II. Амьдралыг ялгагдахуйн онолоор эсрэг талаас нь тайлбарлаж болно: Тухайлбал орчлон хорвоо худал хуурмаг дээр тогтдог. Тэгвэл амьдрал зэрэглээ болно. Тиймээс өөрт хэрэгтэй зэрэглээг ялгаж салгахын тулд ухаантай байх шаардлагатай. Юмыг хөнөөнө гэдэг бий болгохын, бий болгоно гэдэг хөнөөхийн нэр, Үзэн ядна гэдэг хайрлана гэсэн үг. Нэгийг үзэн ядах гэдэг нөгөөг хайрлахад хүргэнэ. Үзэн ядалт ба хайр, дайсагнал ба нөхөрлөлийн аль аль нь нэг л юмны үндэс суурь дотор оршино. Ууртай хүнтэй дөлгөөн хүн л амьдарч чадна. Сагсуу зан авирт даруу зан таашаагдахын адил, шунахай ашигч нэгэнд өглөгч нэгэн байж л оршино. Ямар нэг амьтан үхэж байж л түүний оронд шинэ амьтан төрдөг. Ямар нэг юм задрахын хамт шинэ зүйл бүрэлдэх орчин төрдөг. Хавар байж л намар байна, өвөл байж л зун байдаг. хэрвээ хаварын улирал бусдаас гайхамшигтай гэвэл тэр нь үнэхээр бодит бус, бид л бусад улирлын мөн чанарыг мэддэггүйнх, цөм нэг л битүү гогцоо юм. Эндээс цаг хугацаа бол цагриг(тойрог) гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. 
Хэрэв зовлон хийгээд таашаал үгүй бол харанхуй хийгээд гэрэл гэгээ үгүй болно. Бусдыг доромжилно гэдэг өөрийгөө доромжилж буй хэрэг. Зарим бичигдээгүй хууль бичигдсэн хуулиас хүчтэй байдаг. Өөртөө үнэнч бус хүн бусдад хань болж чадахгүй. Он цагийн эрхээр хүний сайн чанарууд нь элж, муу чанарууд нь цэцэглэдэг тийм сэтгэлийг хүний буруу сэтгэл гэнэ.
Муу амьдрана гэдэг нийгмийнхээ агаараар амьсгалж, нийгэмтэйгээ цуг амьдарч чадаагүйнх.  Хэрэв чи амьдралд хайргүй байдаг бол амьдрал өөрт нь байгаа биш, түүнийг таньж чадаагүйнх.  Хүн өөрийгөө таньж мэдэхгүй бол нартад агуу зүйл гэж нэгч үгүй. Багш үгүй бол шавь үгүй, шавь үгүй бол багш үгүй гэх мэтчилэнгээр үгүйсгэх талаас нь зөв талыг нэгд нэгэнгүй тодорхойлж болдог нь юм бүхэн ялгаатай буюу хос байдаг нь байгаль, нийгмийн ерөнхий зүй тогтол учраас үүнийг ялгагдахуй буюу хос хууль хэмээн нэрлэсэн юм. Энэхүү хос хуулиас дараах дүгнэлт мөрдлөгө болон гарч байна :
Судлаж байгаа буюу дэвшүүлж байгаа асуудлын эсрэг чанартай зүйл оршиж байгаа нь нотлогдсон цагт л шинжлэх ухаан жинхэнэ мөн чанартаа хүрнэ.
Энэ онолын практик ач холбогдлын үй түмэн жишээний нэг нь хүн өөрийгөө танихын тулд шинжлэх ухааныг үүсгэсэн учраас л аливаа туршилт амжилттай болсон эсэх нь эсрэг шинжийг олсон цагт дууссанд тооцно. Жишээлбэл нар, салхийг ашиглаж  цахилгаан эрчим хүч гаргаж авахыг цэвэр энергийн эх үүсвэр гэж нэрлэж байгаа нь нэгд хос хуулиар заавал ялгаатай хоёр талтай байх учраас энергийн шинэ эх үүсвэр олсон нь сайн боловч, үүнээс гарах эсрэг шинжийг олоогүй учраас судалгаа дутуу байна гэсэн хэрэг, нэр ч буруу цэвэр энерги гэж байхгүй. Монголд салхины эрчим хүчийг том байтугай гэр ахуйн зориулалттай үүсгэгчдэд ч хэрэглэх нь цөлжилт, хуурайшилттай дэлхий даяараа тэмцэж байгаа эрэн үед цөлжилтийн эх үүсвэр салхийг хөгжөөнө гэдэг олон улсын чанартай шийдвэрлэгдээгүй асуудал болохыг мартаж үл болно. 
Ялгагдахуй буюу хос онол нь: Хүнд бүхнийг мэдэх хувь заяагаагүй. Хэрэв заяасан бол өрөөсөн талгүй учраас амьдарч чадахгүй. Жишээлбэл хүн өөрийнхөө үүсэл гарлыг танихгүй, ер нь аливаа бүхний анхдагч шалтгаанд хүрч чадахгүй байж л амьдрана гэсэн дүгнэлтэнд хүргэдэг учраас ертөнцийн бүх хуулиудыг багтаасан ерөнхий хууль хэмээн нэрлээд байгаа юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats